ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЭД ХӨРӨНГИЙН ДОГОЛДОЛТОЙ ХӨДЛӨХ БОЛОН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ХУДАЛДСАН ТОХИОЛДОЛД ХУДАЛДАН АВАГЧ ТӨЛБӨРӨӨ БУЦААН НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар 29-ний өдрийн шүүхийн шийдвэр № 103/ШШ2024/00474
Шүүхийн шийдвэрийн тойм: №9, 2024.11.29
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Агуулга: Иргэн Б.Б нь Л.Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 7,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Б.Б нь Л.Б-гээс 25,500,000 төгрөгөөр хашаа байшин худалдан авахаар гэрээ байгуулж, урьдчилгаанд 7,000,000 төгрөгийг шилжүүлж, байшиндаа нүүж орохоор очиход байшингийн тааз нурсан, хашаанд ус тогтсон намаг шавар их байсан тул наймаагаа буцаахаар шийдэж хариуцагчид хэлсэн боловч хашаа байшингаа зараад мөнгийг чинь өгнө гэсэн боловч хашаагаа заралгүй хүнд түрээсэлсэн тул урьдчилгаанд өгсөн мөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Л.Б нь “Гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй, Б.Б нь хөрөнгийн үнийн үлдэгдэл болох 20,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Б.Б нь тодорхой хугацааны дараа үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөхөөс, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө тухайн эд хөрөнгийн доголдлыг илрүүлж, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан шаардсан, худалдагч Л.Б нь тухайн эд хөрөнгө доголдолтой байсан гэдэгт маргаагүй байна.
Б.Б, Л.Б нар худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулсан бөгөөд худалдан авагч Б.Б хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй тул тэрээр эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах, үүнтэй холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж хариуцагч Л.Б-с худалдах-худалдан авах гэрээний үүргийн урьдчилгаанд өгсөн 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:https://shuukh.mn/single_case/151781?daterange=2024-01-01%20-%202024-12-01&id=1&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг