blog

ШҮҮХЭЭС ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ОНОГДУУЛСНЫГ ЗӨРЧСНИЙ УЛМААС ХОРИХ ЯЛААР СОЛЬЖ ЭДЭЛЖ БАЙГАА ХОРИГДЛЫГ “ЗАН БАЙДЛЫН ХУВЬД ЗАСАРЧ ХҮМҮҮЖСЭН“ ГЭЖ ҮЗЭХГҮЙ

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025.05.30, 2025/ХМШЗ/39

Шүүхийн шийдвэрийн тойм №02, 2025.06.17

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Дүүргийн Прокуророос хоригдол М.Д-ыг 3 сар 15 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс хоригдол М.Д-ыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлснийг, шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 01 хоногийн ялыг хорих ялаар сольж эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зорчих эрхийг хязгаарлах болон хорих гэсэн 2 төрлийн ялаас сонгож оногдуулахаар хуульд заасан байх бөгөөд М.Д-т шүүхээс анх дээрх зүйлд заасан ялуудаас хөнгөн ялыг сонгож оногдуулахдаа хуульд заасан доод хэмжээг баримталж оногдуулжээ.

Гэтэл М.Д-нь шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулсныг зөрчсөний улмаас хорих ялаар сольж эдэлж байгаа нөхцөл байдлыг “зан байдлын хувьд засарч хүмүүжсэн” гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, аливаа эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Энэ зорилгын хүрээнд М.Д-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд заасан хөнгөн ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулсан байхад уг ялаа зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил гаргасны улмаас хорих ялаар сольж эдлүүлж байгаа хоригдлын хувьд уг хорих ялаас хугацааны өмнө суллах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзсэн болно. Иймд прокурорын “хоригдлыг 3 сар 15 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа

Шэйр:
site-logo