
“Тусгай зөвшөөрөл шилжих үү”
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдсан
Магадлалын огноо, дугаар: 2025.11.17-ны 210/МА2025/02022
Тоймын дугаар, огноо:№01,
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Маргааны төрөл:
2025.02.03-ны өдрийн 0201 тоот Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ мөн өдрийн 0202 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 9,000,000 төгрөг гаргуулах
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.Т-д холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0201 тоот Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн 0202 тоот Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэгчид анх компанийг шилжүүлэхдээ тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байсан, нэхэмжлэгчид сэргээлгэх хүсэлтийг хугацаанд нь гаргахыг анхааруулсан, компанийн бүхий л эрх, үүрэг нэхэмжлэгчид шилжсэн, нэхэмжлэгч компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн тийм учраас тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг хугацаанд нь гаргаагүйн улмаас тусгай зөвшөөрөл хүчингүй болсон нь надад хамааралгүй гэж маргасан.
Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Учир нь Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.Т нар нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 0201 тоот компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 0202 тоот Компанийн эрх шилжүүлэх гэрээгбайгуулсан. Энэ гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Б.Н нь У.Ж ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлдбүртгэгдсэн.
Хариуцагч Д.Т нь нэхэмжлэгчид У.Ж ХХК-ийг шилжүүлэхдээ компанийн байршлын өөрчлөлттэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалын 5-р хавсралтаар 2025 оны 04 дүгээр сарын 27-ныг хүртэл Эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь түр хугацаагаар түдгэлзсэн байгаа талаар хэлж, 2025 оны 3 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргахыг анхааруулж, хэлсэн.
Харин нэхэмжлэгч 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газар руу утсаар холбогдож түдгэлзүүлсэн шалтгаан болон хэрхэн сэргээх талаар зөвлөгөө авсан, мөн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр цахим системээр тусгай зөвшөөрлийг сэргээх, ажлын байр шилжин байрших, эзэмшигч солих хүсэлтийг 1 дор ирүүлснийг эрх бүхий байгууллага бүрдэл дутуу үндэслэлээр буцаасан. Ингээд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2025.05.07-ны өдрийн А/107 дугаар тушаалын 2-р хавсралтаар У.Ж ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаа дууссан үндэслэлээр хүчингүй болгосон.
Эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон шалтгаан нь нэхэмжлэгч Б.Н-ийн эрх бүхий байгууллагад хугацаа сэргээлгэх хүсэлт болон бүрдүүлбэрийг хуульд заасан хугацаандаа гаргаагүй буруутай үйл ажиллагаа болохоос хариуцагч Д.Т-ийн буруутай үйлдэл, үйл ажиллагаатай ямар нэгэн байдлаар хамааралгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос:https://shuukh.mn/single_case/35469?daterange=2025-01-01%20-%202026-01-22&id=2&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа